Урт хугацааны аялал, ажлын томилолт, гэнэтийн аялал гээд алс хол явахад тань онгоцны тийз захиалах хэрэг хамгийн түрүүнд гардаг. Хангалттай мэдээлэлгүйгээс үүдэн тухгүй аялах, гар тээшээ хураалгах зарим тохиолдолд онгоцноосоо ч хоцрох эрсдэл учирдаг. Тиймээс энэ нийтлэлээр аяллын тийзээ захиалахдаа юу юуг мэдэж байх шаардлагатай талаар хүргэж байна.
Тийзний үнэ:
Энэ нь тийз захиалах үйл явцын хамгийн чухал хэсгийн нэг. Авиа компаниудын тийзийн үнэ өөр хоорондоо харилцан адилгүй ялгаатай байдаг. Мөн тийз захиалгын зэрэглэлээс хамааран үнийн зөрүү үүсдэг учраас тийзээ захиалахдаа авиан компанийн сонголт, суудлын зэрэглэл, тийз захиалгын нөхцөл, ачаа тээшний үнэ зэргийг судалж захиалаарай.
Зөвшөөрөгдөх ачааны хэмжээ:
Хэрвээ урт хугацааны аялал эсвэл зайлшгүй шаардлагаар их хэмжээний ачаатай явах гэж байгаа бол зөвшөөрөгдөх ачааны хэмжээний талаар мэдээлэлтэй байх нь чухал юм. Авиа компаниуд тодорхой хэмжээний ачааг үнэ төлбөргүйгээр тээвэрлэхийг зөвшөөрдөг. Хэрвээ уг хэмжээнээс хэтэрвэл та нэмэлт төлбөр төлөх шаардлагатай болох юм. Гэхдээ авиа компаниудын зөвшөөрөгдөх ачааны хэмжээ харилцан адилгүй ялгаатай байдаг тул та өөрийн хэрэгцээнд нийцсэн авиа компанийг сонгох боломжтой.
ХОЛБООТОЙ: Авиа компаниудын зөвшөөрөгдөх тээшний хэмжээ, анхаарах зүйлс
Дамжин өнгөрөх хугацаа:
Хэрвээ та шууд бус нислэг сонгох бол дамжин суултын хугацаагаа маш сайн тодорхойлох хэрэгтэй. Дамжин суулт хооронд хэт урт хугацаатай үед онгоцны буудал дээр юу ч хийлгүй дараагийн нислэгээ хүлээнэ гэдэг үнэхээр уйтгартай. Харин эсрэгээрээ зарим нислэг хэт ойр хугацаатай байснаас үүдэн зарим зорчигчид онгоцноосоо хоцрох, нислэгээ андуурах эрсдэл учирдаг. Тиймээс нислэгээ төлөвлөхдөө терманал хоорондын зай, тухайн улсын транзит нөхцөлийг зайлшгүй анхаарах хэрэгтэй. Нислэг хоорондын зай дунджаар 2 цаг байх нь таныг будлих, сандрах, нислэгээсээ хоцрох асуудалгүй ачаагаа тайван бэлдэхэд тань туслах болно.
Нислэгийн цаг:
Таны явах чиглэлд өдөрт хэд хэдэн нислэг өөр өөр цагуудад хийгдэж болно. Цагийн хувьд ялгаатай байдал үнийн зөрүү үүсгэнэ. Очих газарт тань шөнө буух нислэг илүү хямд байх боломжтой бөгөөд хэрвээ аялах газраа сайн мэддэг бол шөнө буух нислэгийг сонгож болно. Харин анх удаа тухайн газар руу очих гэж байгаа бол аюулгүй байдлын үүднээс үнийн зөрүүнд ач холбогдол өгөхгүй байхыг зөвлөе.
Нисэх буудал
Ихэнх тохиолдолд шууд бус нислэгүүдийн дамжин суулт газардсан онгоцны буудлаасаа хийгддэг ч заримдаа тухайн хот дахь өөр онгоцны буудлаас дамжин нисэх нислэг байдаг. Энэ тохиолдолд нисэх буудал хоорондын зардлыг тухайн аялагч өөрөө хариуцдаг төдийгүй тухайн улсын визийг авсан байх шаардлагатайг анхаарна уу. Тиймээс тийз захиалгаа хийхдээ дамжин суултын нөхцөл, нисэх буудал хоорондын зай, маршрут, тухайн улсын визий шаардлага гэх зэргийг зайлшгүй мэддэг байх шаардлагатай.
ХОЛБООТОЙ: Суудлын захиалгын хийх тухай
Recent Comments