Зөвлөгөө

Аялал томилолтоор явахдаа мэдэж авч, сурч болох зүйлсүүд

By 21/11/2017 No Comments

Аялалаас юуг сурч болох вэ?

Амьдралын дэврүүн хүсэлдээ хөтлөгдөн үүргэвчээ үүрэн аялж, ажил амьдралын шаардлагаар томилолт, албаны ажлаар гадны улсыг зорин их хотын соёл иргэншил, хотжилт хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж буй хүмүүс байна. Харин нөгөө талд нэг хэвийн ажилдаа дарагдан аялах хүсэл байвч зориглон явж чадалгүй гадаад улсын байгалийн сайхан, хөгжил цэцэглэлтийг дэлгэцийн цаанаас харан ширтэх залуусын хооронд асар том ялгаа бий. Энэ бол мэдрэмж.

Мянга сонсохоор нэг үз гэсэн ардын зүйр үгийн адил нүдээр харж, чихээр сонсож, гараар мэдэрсэн зүйлс таны бодол санаа, зүрх сэтгэлд гүн гүнзгий мэдрэмж төрүүлж чаддаг. Тиймээс аялахаар төлөвлөж, бодож л байгаа бол та түүнийгээ заавал биелүүлээрэй.

Ингээд энэ удаагийнхаа нийтлэлээр бид аялал, томилолтоор явснаар та ямар шинэ зүйлс суралцаж, өөрийгөө хөгжүүлэх боломжтой байдаг талаар хүргэхээр бэлдлээ.

Шинэ бизнесийн санаа

Хүн бүр дотроо ямар нэгэн бизнес эрхлэх, түүнийгээ хэрхэн эхлүүлэх талаар бодож явдаг гэхэд хилсдэхгүй. Аяллаар явах нь таны санааг бодит болгоход туслах, магадгүй таны бодоогүйг бодуулах зүйлстэй ч таарч болох юм.

Хэрвээ та бизнес аяллаар явж байгаа бол та ижил төрлийн бизнес хэрхэн үйл ажиллагаагаа явуулдгийг судлах боломжтой төдийгүй шинэ бизнесийн хамтрагчтайгаа ч таарч болох юм.

Өөрийгөө таньж мэдэх

Нэгэн хэвийн баригдмал буюу өөрийн бий болгосон аюулгүй бүсээс гаран өөрийн харж төсөөлж байгаагүй зүйлстэй нүүр тулан, тодорхойгүй нөхцөл байдалд орох зэрэг нь аяллын үед танд ирэх шалгуур юм. Энэ үед танд хэзээ хэзээнийхээс илүүтэйгээр өөртэйгөө ярилцах, дотоод хүнээ сонсох боломж гарч ирнэ. Тиймээс шинэ нөхцөл байдал өөрийгөө таньж мэдэх, юу хүсэж байгаагаа олоход тань туслах болно.

Тухайн орны соёлтой танилцах

Мэдээж гадаадын улс орноор аялахад интернет орчноос таны нэн түрүүнд мэдэж авч болох зүйл бол тухайн орны ард иргэдийн соёл иргэншлийн талаарх мэдээлэл юм. Харин тухайн орондоо очсоныхоо дараа тухайн соёлыг өөрийн биеэр мэдрэх нь хамгийн чухал. Жишээ нь: Хятад, Япон улсаар аялахад цайны соёлтой танилцаж, Япон улсын хоолны соёлтой буюу Бэнто хийх аргад суралцах, дарсны эх орон Франц улсад очин усан үзмийн тариан талбайтай танилцаж вино хийх аргыг харах гээд олон сонирхолтой соёлтой аяллын үеэр танилцах боломжтой.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Тийзээ захиалахдаа гаргадаг алдаа

Жижиг зүйлсээс ч сайхныг нь олж харах

Аяллаас, гадаадад сурч байгаад, эсвэл долоо хоногийн томилолтоос ирэхэд эрч хүч орсон мэт л мэдрэгдэнэ. Хэтийн шинэ зорилгоо ч олсон байдаг. Гэрийн хоол хэзээ ч идэж байгаагүй мэт амттай санагдаж, гудамжинд инээсэн хүн бүр таны найз мэт дотно, хотдоо харсан хөшөө, дурсгал гадаадад харсан зүйлстэй тань ижил санагдах гээд олон зүйлс танд баяр баяслыг бэлэглэж буйг та анзаарна. Эдгээр нь хэдий жижиг зүйлс боловч аялал хүнд эдгээр зүйлсийг ямар их утга учиртай чухал зүйлс болохыг ойлгон, суралцахад нь тусалдаг.

Бүтээлчээр сэтгэх

Заримдаа бид бага ч болов хайрцагнаас гадуур сэтгэх хэрэгтэй байдаг. Интернет байхгүй тул замаа олж чадахгүй байна уу? Таны орсон ариун цэврийн өрөөний шаланд жижиг нүх үүссэн байна уу? Таны дамжин суух ёстой автобусанд суудал үлдээгүй байна уу? Хэдийгээр тодорхойгүй нөхцөл байдалтай тулгарсан ч тэнд үргэлж гарц байдаг.  Хүн аяллын үеэр илүү бүтээлчээр сэтгэж, шинэ орчинд дасан зохицох нь хурдан байдаг гэж судлаачид үзжээ. Дахин хэлэхэд аялал бол зурагт дүрсэлсэн шиг сайхан зүйлсээр дүүрэн байдаггүй ээ, үргэлж бүтээлчээр сэтгэн даван туулах нөхцөл байдалтай тулгарч байдаг.

Өөрийн дасал болсон бүсээс гарах

Бид нэг л газраа сурч, ажилласаар таныг хүрээлэх байшин барилга, найз нөхөд, нөгөө л ордог ресторан, иддэг хоол, алхдаг гудамж гээд эргэн тойрныхоо юмс үзэгдэлд дассан байдаг. Нөхцөл байдлаас ганц л зүйл өөрчлөгдөхөд тайван бус мэдрэмж төрөн өөрийгөө нээхэд бэлэн бус байдаг. Тиймээс зоригтой алхам хийн өөрийн тав тухтай бүсийг орхиод үзээрэй. Нэг л алхсан байхад таны дасал болоогүй зүйлс ямар сайхан байсан гэдгийг ойлгох тэр мэдрэмж хэчнээн сайхан зүйл байсныг та мэдрэх болно.

Leave a Reply

Kарголинк ХХК

“Блюскай Тауэр” 1-р давхар,
106 тоот Энхтайвны өргөн чөлөө – 17
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо 14240
Улаанбаатар хот, Монгол Улс

Airticket: +976 70 10 20 30 airticket@cargolink.mn
Aircargo: +976 11 33 03 06 aircargo@cargolink.mn